Цөөн үгээр

- тендэрийн урилга - худалдан авах ажиллагааны төлөвлөгөө - санал өргөдөл гомдолын тайлан

Сумын түүх

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 92

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАРУУНБҮРЭН СУМЫН ТҮҮХ

 

Тус сум нь “Чингис эзний алтан ургийн түүх хэмээх” шастирт өгүүлснээр тэр үеийн засаг захиргааны хувьд Түшээтхан аймагт харъяалагдаж байжээ. Богд гэгээн, Галдан бошигттой хийсэн дайнд / 1896 он / гавъяа байгуулсан Түшээтхан аймгийн дөтгөөр зэргийн тайж Цэрэндоржийн тэргүүн зэрэг тайж болгон нэгэн хошуу зохион байгуулж захируулснаар Түшээтхан аймгийн Ахай засгийн хошуу анх үүсэж “ Халхын умар замын баруун гарын, баруун этгээдийн адгийн / захын/ хошуу гэсэн үсэг бүхий тамгатай болжээ.

Ахай засгийн хошуу анх үүссэн түүхэн баримт ийм ажээ. Ахай засгийн хошууны нутаг нь Санж, Бүрэн, Байц гэсэн гурван сумаар бүрддэг байсан бөгөөд Бүрэн сум гэдэг нь одоогийн Баруунбүрэн сумын Бургалтай, Шувуут, Зуун модны ихэнх нутаг багтаж байжээ. Харин Далх уулнаас Баян уул хүртэлх Ивэнгийн голын нутаг бүхэлдээ  / Амарбаясгалант хийд / их шавьд багтаж байсан учраас тэр үеийн Ахай засгийн хошууны засаг захиргааны нэгжилд хамрагдан ордоггүй байсан байна.

1924-1954 он

1924 оноос өмнө одоогийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт Ахай засгийн хошууны сумд, их шавийн отгууд зэрэгцэн оршиж байжээ.1924 оны 8-р сарын 3-нд Баруунбүрэн хан уулын хошууг байгуулж анх удаа хошуу даргыг сонгуулийн нууц санал хураалтаар сонгожээ. Анхны хошуу даргаар Сант сумын харъяат тайж Цэрэнсампилын Луузандорж сонгогджээ.

1926 оны 8-р сарын 12-15-ны өдөр хуралдсан Баруунбүрэн хан уулын хошууны төлөөлөгчдийн 3-р хурлаар Бүрэнжаргалант / Баруунбүрэн / сумын төвийг Улаан хошууны Дуганы газар байршуулан суурилуулахаар шийджээ. 1926 онд Баруунбүрэн хан уулын хошууны хүн ам 3737 байжээ. 1946 онд тус сум 90 гаруй мянган толгой малтай байсан бөгөөд малын тоогоор аймагтаа 1-рт орж байжээ.

1931 онд Сэлэнгэ аймгийг анх “Газар тариалангийн аймаг” гэж байгуулахад Баруунбүрэн газар тариалангийн аймгийн харъяанд байлаа. Дараа нь 1932 оны 12-р сарын 30-нд хуралдсан БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 21-р хурлаар газар тариалангийн аймгийг Сэлэнгэ аймаг гэж нэрийг нь өөрчилжээ.

БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1937 оны 12-р сарын 15-ны 33-р хурлын тогтоолоор Булган аймгийг Сэлэнгэ аймгийн зарим сумдаар байгуулах болсноор Баруунбүрэн сум нь Булган аймгийн харъяанд очжээ. 1942 онд Баруунбүрэн сум Сэлэнгэ аймгийн харъяалалд буцаж иржээ. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1956 оны 7-р сарын 27-ны өдрийн 102-р зарлигаар Сэлэнгэ аймгийг татан буулгаж Төв, Булган аймагт нэгтгэснээр Баруунбүрэн сум Булган аймгийн харъяанд дахин очжээ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1959 оны 12-р сарын 31-ний 222-р зарлигаар Сэлэнгэ аймгийг дахин байгуулснаар 1960 онд Баруунбүрэн сум Сэлэнгэ аймгийн харъяанд иржээ.

Тус сум нь нэгдэлжих үеийг хүртэл 8 багтай байжээ. 1 дүгээр багийн даргаар А.Ишдорж, дуугай Цэнд, 2 дугаар багийн даргаар  Жалбуу, Очирдагва, 3 дугаар багийн даргаар  Д.Самбуу, М.Цэнд, 4 дүгээр багийн даргаар  Б.Нямхүү, Ж.Гомбодагва, 5 дугаар багийн дарга Д.Агваандамба, 6 дугаар багийн даргаар  Ш.Лхамсүрэн, Ч.Ишжанцан, Д.Нанзад, 7 дугаар багийн даргаар  Ё.Дэвшиншагваа, И.Жамъяншарав, Жанчивнямбуу, 8 дугаар багийн даргаар  С.Дагва, Ц.Шаарийбуу, Д.Дагва, Лувсандамба нар тус тус ажиллаж байжээ.

1924 оноос Баруунбүрэн хан уулын хошууны даргаас эхлэн 1950он дунд үе хүртлэх сум, багийн даргаар ажиллаж байсан хүмүүсийн талаар товч дурдвал:Баруун бүрэн хан уулын  хошууны анхны  дарга нь Сант сумын харъяат тайж Цэрэнсампилын  Луузандорж,  дараа нь Гүржавын Санжжав нар байжээ.

1930-аад оноос Баруунбүрэн сумын даргаар Шаймий хэмээх Лувсан-даш, Түмэнгийн /Дайпын/ Самбуу /залан/ , Тогтохын Живаа, Жанцандорж, Рагчаагийн Балдан-Осор Цэндийн Гомбосүрэн, Намхайн Дорж, Шаравын Лхамсүрэн, Сум- нэгдлийн даргаар Ёндонгийн Дэвшиншигва, Баясгалангийн Нямсүндэв,  Сумын орлогч даргаар Дагвын Бадарч, сумын нарийн бичгийн дарга Бадамын Дагважамц,  Рэнцэнгийн Намхайдорж, Равжаагийн Ядамдорж,

Дагвын Лувсанданзан, Намсрайжавын Жанчивдорж, Майдарын Сэмжид зэрэг хүмүүс , Мөн багийн даргаар Лонхын Цэнд, Амгалангийн Ишдорж,  Моломын Цэнд, Жалбуу, Дамдинжавын Дагва, Самбуугийн  Дагва, Жанчивын Гомбодагва, Жамбадагва,  Нямхүү, Чойсүрэнгийн Ишжанцан, Доогийн Нанзад, Дагвын Самбуу, Цэнд Шаарийбуу нарын олон хүн ажиллаж байжээ. Дээрх хүмүүсээс Түмэнгийн /дайпын/ Самбуу Баруунбүрэн сумын дарга, Лутын Хорол нь баг, сум, хоршоо, артелийн даргаар, Шагдаржавын Долгор / Дооёо/ сумын орлогч , намын үүрийн дарга,  Орхоны сангийн аж ахуйн орлогч даргаар, Жанчивын Гомбодагва баг, сум хоршооны даргаар, Шаравын Лхамсүрэн нэгдлийн дарга, орлогч , нябо, сумын даргаар, Ёндонгий Дэвшиншагва баг,  нэгдлийн даргаар тус тус ажиллаж иржээ.

Өрнөлт нэгдэл

1954 оны 10-р сард Баруунбүрэн сумын 6-р багийн малчин Доогийн Ёндон, Шаравын Лхамсүрэн нарын зэрэг малчид санаачлан байгуулжээ.

1960-аад өрх, 240-өөд хүн амтай 48,0 мянган малтай тулгын галаа асаажээ.

Сум, нэгдлийн нийт нутаг дэвсгэр 223,6 мян.га

1975 оны байдлаар 299 өрх, 940 хүн ам, 50,0 мянган толгой малтай, 2500 га-д үр тариа, хүнсний ногоо тариалдаг, дугуйт гинжит трактор 15, ачааны ба суудлын автомашин 6, комбайн 9, мал аж ахуйн 2, газар тариалан, туслах үйлдвэрийн 1 бригадтай, 150 хүний багтаамжтай клуб, 8 айлын орон сууц, нэгдсэн контор, зочид буудал, ясли, цэцэрлэг, гараж, халуун ус, агуулах, номын сан зэрэг соёл үйлчилгээний газруудыг өөрийн хүч хөрөнгөөр барьж байгуулан ашиглалтанд оруулжээ.

1972 онд Мазааны 33 га-д буудай тарьж га-гаас 40-50 цн ургац аван улсын хэмжээнд ургац хураалтаар 1-р байр эзэлж БНМАУ-ын Засгийн газрын Хүндэт жуух бичиг, 15,0 мянган төгрөгөөр шагнагдаж байв.

“Өрнөлт” нэгдэл 1954-1960 оны хооронд 2500 га эргэлтийн талбайн 1700 га-д нь “плуга”хэмээх 2 морь  хөллөдөг 20 анжисаар газар хагалан хөрс боловсруулж, гараар үр цацаж тариа тарьж байжээ. Энэ ажилд, Дагвын Бадарч. (Намхайдоржийн Энэбиш, Даваасүрэнгийн Чойжамц нарын зэрэг залуучууд идрийн золбоогоор гяллалзаж явжээ. Тус нэгдэл 1967 онд Беларусь трактор 2-3 тай болж, Орхон хөндий, Мазаан, Хараатын өвөр, Зараа, Шилүүстэй зэрэг газар тариа тарьж жил бүр Дархан хотын гурилын үйлдвэрт 2 сая төгрөгийн улаан буудай нийлүүлж байлаа. “Өрнөлт” нэгдэлд Ядамдоржийн Цэрэндорж, Аюушжавын Лхаажав, Дагвын Жигжид,Түдэвийн Цэрэнпэл нар тракторч комбайнчаар ажиллаж байжээ.

 

Энэ үед нэгдэл Хараатын өвөрт улаан буудай, шувуут, Ястын үзүүрт хар будаа (12га-д) тарьж , их ургац авч, мориор булдаж цайруулж байв. Нийтдээ 800 гаруй га-д  улаан буудай тарьж , га тутмаас дундажаар 13-14 центнер ургац хурааж байлаа. 1972-1973 онд Мазаанд 33 га-д  буудай тарьж га-гаас 40-50 центнер ургац авч байжээ.

Нэгдлээс төрсөн хөдөлмөрийн сайчууд:

  1. Ш.Дагвадорж -  Улсын аварга малчин 1962 он

                            Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 1971 он

 

2. Д.Жамъяндорж- Улсын аварга малчин  1971 он

3. Д.Лувсандорж-  Улсын аварга малчин 1972 он

Аймгийн тарга хүч төлийн аваргууд:

  1. Д.Сундуйжав
  2. Д.Туваандаш
  3. Ш.Содномдорж

 

Бургалтай САА

1976 оны 11-р сард Баруунбүрэн сумын “Өрнөлт” нэгдэлд Цагаантолгойн САА-н Бургалтайн тасаг нэгдэж 1976 оны 12-р сарын 26-нд БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор Бургалтайн САА байгуулагджээ. 1976 оны 11-р сард Баруунбүрэн сумын “Өрнөлт” нэгдэлд Цагаантолгойн САА-н Бургалтайн тасаг нэгдэж 1976 оны 12-р сарын 26-нд БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор Бургалтайн САА байгуулагджээ.

 

1977-1982 оны байдлаар хүн ам 2000, тариалангийн эргэлтийн талбай 20 гаруй, мал 70 гаруй мянган толгой, жилд 20 гаруй мянган мал төллүүлж 4000 тн үр тариа хураан авдаг.

Мал аж ахуйн гурван бригад, газар тариалангийн 2 комплекс, 1 бригад, хадлан тэжээлийн хагас механикжсан салаа, 20,0 мянгаад га-гийн ургац цайруулах хүчин чадалтай цахилгаан төхөөрөмж бүхий үтрэм 2, инженерийн хийцтэй худаг 18, богино яндант худаг 14, өвөлжөө хашаа хороо 70 гаруй 20-30 хүнд зэрэг үйлчлэх халуун усны газар болон сүүний чиглэлийн хар тарлан 400 үнээний ферм, тус бүрдээ 10,0 мянган хурга бордох тэжээлийн цэг хоёрыг ажиллуулж 1988-1989 онд 700 га талбайг услах / бороожуулах / байгууламжийг ЗХУ-ын мэргэжлийн хүмүүсийн тус дэмжлэгтэйгээр барьж ашиглалтанд оруулжээ.

Тус тасаг “СК-4” комбайн 17, “ДТ-574” трактор 24, “МТЗ-5” трактор 5. “ ГАЗ-51” автомашин 1, тосны машин 1, гагнуурын машин 1-тэй байжээ. 9600-9800 га талбайд “Саратов 29” , “Орхон” сортын улаан буудай тарьж ,1977 онд га- гаас 16 центнер ургац хурааж , “ УАЗ” машинаар шагнагдаж байв.

Тус тасаг  нь “Орхон” үүлдрийн нарийн ноост хонт 12000 орчим, Ка захын цагаан толгойт саалийн үхэр 65, уналгын адуу  37- той байжээ.Тасгийн даргаар  Лувсангийн Намжил- тус тасгийн “Өрнөлт” нэгдэлтэй нийлж, Бургалтайн САА болоход  ерөнхий агрномч болсон байна. Бургалтайн САА  1977-1992 он хүртлэх 14 жилийн  хугацаанд  үр тариа, мал аж ахуй хосолсон том аж ахуй болсон бөгөөд эхний гурван жилд САА-н шинэ төвийн ясль цэцэрлэг, сургууль, клуб, эмнэлэг, худалдаа, уурын зуух, дизель станц, ахуй үйлчилгээ. Харилцаа холбоо, шатахуун түгээгүүр, гарааш засварын газар, агуулах орон сууц зэрэг барилга байгууламжийг Дархан хот дахь барилгын цэргийн 017-р ангиар бариулж, 1980 оны аравдугаар сард САА-н шинэ төвдөө нүүж иржээ.

САА-н анхны дарга Д.Аюуш дараа нь Вандансүрэн, Ц.Шагдарпүрэв нар ажиллаж байлаа.

  • 459 хүүхэдтэй 8 жилийн дунд сургууль
  • 110 ортой ясли цэцэрлэгийн комбинат
  • 14 ортой хүний их эмчийн салбар
  • 60 ортой хүүхдийн дотуур байр
  • Жилд 2 сая төгрөгийн борлуулалт хийдэг Худалдаа бэлтгэлийн анги
  • 250 хүний суудалтай ажилчны клуб
  • Холбооны салбар / үндэсний болон орбитын нэвтрүүлэг хүлээн авч дамжуулах станц /
  • Талх барих газар
  • Ахуйн үйлчилгээний анги
  • Халуун ус
  • Номын сан

зэрэг албан газар соёл ахуйн байгууллагууд ажиллаж байжээ.

ЗХУ-ын хөрөнгөөр Дархан хот дахь барилгын цэргийн 017-р анги САА-н төвийг барьж байгуулан 1980 онд одоогийн байрлаж буй төвдөө нүүн иржээ.

Тус сум нь Монгол орны  ойт хээрийн бүсэд  баруун болон баруун хойд талаараа Булган аймгийн Хангал сум , Орхон аймгийн  Жаргалант сум зүүн ба зүүн хойд зүүн урд талаараа өөрийн аймгийн Цагааннуур , Сант Орхон , Орхонтуул сумтай хил залгадаг.Аймгийн төв Сүхбаатар хотоос 220 км, Улаанбаатар хотоос 320 км, Дархан хотоос 120км, Эрдэнэт хотоос 65 км, зайд оршдог. Улаанбаатар , Дархан ,Эрдэнэт чиглэлийн автомашины хатуу хучилттай зам, өндөр хүчдэлийн шугам тус сумын нутгаар дамжин өнгөрдөг.

Сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 281,5 мянган га, үүнээс ой мод 101,7 мянган га, тариан талбай 22,5 мянган га, бэлчээр 151 мянган га, байдаг. Одоо тус сум гурван баг бүхий     өрхтэй,2900 гаруй  хүн амтай, 168,3 мянган малтай.Тус сумд 503 сурагчтай арван жилийн сургууль 107 хүүхэдтэй цэцэрлэг, 10 ортой хүний их эмчийн салбар, холбооны салбар, ШТС нэг ХААН банкны салбар, 250 хүний суудалтай соёлын төв, номын сан , халуун ус зэрэг албан ба соёл ахуйн байгууллагууд ажиллаж байна.Сумын төв монголын үндэсний болон оросын телевизийн сувагтай.Манай сум ой мод гол горхи, жимс жимсгэнэ, ан амьтан элбэгтэй. Бургалтай, Шувуут,Жаргалант,Ивэн,Орхон, Сэлэнгэ зэрэг цэнгэг  ус рашаан булгуудтай. Дээрх голуудад тул, алгана, хайруус зэрэг төрөл бүрийн загас элбэг.

 Сумын нутаг алт, цагаан алт, зэс, төмрийн хүдэр, жонш , баргилт,оюу, хар боржин, шороон будаг зэрэг ашигт малтмалтай. Хуш, хус хар мод, нарс, улиас, бургас, монос, яшил, яргай, жодоо, гацуур , тавилгана зэрэг навчит ба шилмүүст мод ургадаг. Самар ,үрэл, үхрийн нүд ,мойл, гүзээлзгэнэ, улаалзгана, нэрс , анис, сонгино, гогод, гонид,халиар, мангир,тошлой, жууцай, хэмээл, чихэр өвс, бамбайн үндэс ,даль, цээнэ зэрэг жимс жимсгэнэ эмийн ургамлаар баялаг хар хүрэн ба хүрэн өвстэй. Жилд дунджаар 200-220 мм тунадас унадаг, далайн төвшнөөс 900-1800 метрт өргөгдсөн. Сумын нутагт 380-аад жилийн түүхтэй Амарбаясгалант хийд, Их бага шарил, Салуужин Хөшөөтийн бичигт чулуу зэрэг түүх дурсгалт газрууд бий. Ийнхүү байгаль цаг уурын таатай нөхцөл , байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёлын олон дурсгалт газар хосолсон хатуу хучилттай авто зам, харилцаа холбоо, эрчим хүчний найдвартай системд холбогдсон, МАА, газар тариалан ,аялал жуучлал зэрэг салбарыг хөгжүүлэх аятай нөхцөл бүрдсэнээрээ давуу талтай сум юм.

Амарбаясгалант хийд

Амарбаясгалант хийдийг 1727 оны Манжийн хааны зарлигаар 100,0 мянган лан мөнгө гаргаж Өндөр гэгээний дурсгалд зориулан 1736 онд эхний хэсгийг барьж дуусгажээ.

Амарбаясгалант хийдийг байгуулах ажил дөрвөн үе шаттайгаар 1727-1887 оныг хүртэл 160 жил үргэлжилжээ.

Гүн ухаантан, яруу найрагч, уран барималч, зураач их соён гэгээрлүүлэгч Өндөр гэгээн 1635 онд эхээс мэндэлж 1723 онд Бээжингийн Шар сүмд нирваан дүрийг үзүүлсэн бөгөөд шарилыг Дамбадаржаалин хийдэд хадгалж байгаад 1736 онд Амарбаясгалант хийдэд шилжүүлэн залжээ.

Тус хийдэд 19-р зууны эцэс 20-р зууны эхээр 2600-3000 лам хурж байжээ.1937 оны хэлмэгдлүүлэлтийн үед хийдийн хурал номыг хааж бурхан шүтээнийг эвдэж сүйтгэжээ.

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны 2-р сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоолоор шашны хурал номын ажиллагаа нээх шийдвэр гарчээ. 1990 оны 3-р сарын 12-ны өдөр хийдийн захиргааг байгуулав.

1992 оны 4-р сарын 22-ноос эхлэн Гүрү-дава ринбүүчи багш Амарбаясгалант хийдийн засвар, сэргээлтийн ажлыг өөрийн хүч хөрөнгөөр эхлүүлж дуусгасан. 1993 оны 7-р сарын 21-23 нд их равнай өргөх хурал хурж хийдэд 1000 бурхан залж 1000 зул өргөсөн их ёслол болжээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ